Ажиллаж байгаа пүүс / фирм / чинь татан буугдсан болон өөр газар шилжиж байгаагаас эсвэл орон тоогоор илүүдсэн гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан бол ийм тохиолдолд Та нөхөн олговор авах эрхтэй.
Таны ажиллаж байгаа пүүс хөдөлмөрийн үр ашигаа дээшлүүлэх зорилгоор ч юм уу эсвэл өөрийн ажилчдыг ажлаар бүрэн хангахуйц хэмжээний захиалга аваагүй тохиолдолд таныг ажлаас чинь хэзээ ч халж болно.
Гурван сарын цалинтайгаар
Ажлаас халах тухай мэдэгдлийг зөвхөн хөдөлмөрийн хуулийн 52-р зүйлд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд л гаргаж болох бөгөөд харин халагдсаны нөхөн олговорыг бол зарим тохиолдолд олгохгүй байж болдог байна. Хэрвээ ажиллаж буй пүүсийг чинь бүхлээр нь юм уу нэг хэсгийг нь татан буулгаж байгаагаас эсвэл бүр өөр газар руу нүүлгэн шилжүүлэх болсноос юм уу орон тоогоор илүүдэж байгаа гэсэн шалтгааны аль нэгээр халагдсан бол Та дор хаяж гурван сарын цалинтай тэнцэх нөхөн олговор авахын хамт түүн дээрээ нэмэн хоёр сарын хугацаанд халагдахтай холбогдсон хөнгөлөлт эдлэх эрхтэй болно. Харин эрхэлж буй ажлаас нь шалтгаалахгүйгээр эрүүл мэнд нь муудаж цаашид ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон хүмүүс эсвэл ажил үүргээ гүйцэтгэх явцдаа удаа дараа алдаа дутагдал гаргасан ажилчдыг нөхөн олговор олгохгүйгээр халж болно. Удаа дараа дутагдал гаргасан тохиолдолд танд эхлээд анхааруулсан захидал илгээх ба үүний дагуу дутагдлаа засахгүй байгаа бол халах мэдэгдэл өгөх ёстой.
Шууд халах
Энэ нь хөдөлмөрийн гэрээгээ шууд цуцлана гэсэн үг. Санаатай үйлдлээрээ ажил олгогчдоо их хэмжээний хохирол учруулсан, пүүсийнхээ худалдааны нууцыг задласан болон удирдах ажилтныхаа эрх чөлөөнд халдах эсвэл түүнийг үг хэлээр доромжилсон тохиолдолд, мөн ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаа хэд хоногоор тасласан бол ийм үед ажил олгогчоос түүнийг нь үндэслэн хөдөлмөрийн гэрээгээ цуцлаж болно хэмээн “Havel & Holásek” хуулийн зөвлөлгөө өгөх товчооны өмгөөлөгч үзэж байна.
Хэрэв ажил олгогчоос таныг халах шалтгаан болгосон эдгээр зүйлийн алинд нь ч Та буруугүй бол яах ёстой вэ? Хэрэв тийм бол Та түүний халсан шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тухайгаа болон өөрийгөө цаашид үргэлжлүүлэн ажиллуулахыг шаардаж байгаагаа ажил олгогчдоо бичгээр мэдэгдэх хэрэгтэй. Эл захидлаа өөрийн биеэр хүргэж өгөөд таны захидлыг хүлээн авсныг баталгаажуулж чадвал бүр сайн. “Ингээд энэ асуудлаар шүүхэд хандсанаар шүүхээс таны зөв болох тухай шийдвэр гаргасан бол таны ажиллаж байсан пүүс танд энэ хугацааны цалинг нөхөн олгох үүрэгтэй” хэмээн өмгөөлөгч Пэтра Сохорова хэлж байна.
Тодорхой шалтгаан дурдаагүй байгаа халах мэдэгдэл хүчин төгөлдөр бус юм
Халах тухай мэдэгдэлд яагаад халж байгаа шалтгааныг маш тодорхой тусгасан байх шаардлагатай. Энд дурьдсан шалтгааныг хожим нь ямар нэгэн байдлаар өөрчилж болохгүй юм. “ Хэрэв таныг халах болсон шалтгааныг дурьдаагүй байгаа бол ийм мэдэгдэл хүчин төгөлдөр бус болно. Ийм тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн хоёр сарын дотор түүнийг эсэргүүцэн шүүхээр заргалдаж болно” гэж “Havel & Holásek” хуулийн зөвлөлгөө өгөх товчооны өмгөөлөгч зөвлөж байна. Ийм байдалд орсон хүмүүс өмгөөлөгчид юм уу эсвэл үйлдвэрчний байгууллагад хандан тусламж хүсэх хэрэгтэй. Энэ тохиолдолд Та үйлдвэрчний байгууллагын гишүүн биш байсан ч хамаагүй тэд Танд туслах ёстой юм. Хэрэв таныг орон тооны илүүдлээр халсны дараа тэр ажлын байранд чинь өөр хэн нэгнийг авч ажиллуулж байгаа бол энэ нь таныг халсан мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэл болно. Чухам ингэсэн эсэхийг та өөрийн хамт ажиллаж байсан хүмүүс эсвэл үйлдвэрчний байгууллагын тусламжтайгаар хянаж болно. Хэрэв ажил олгогч таны ажлын байранд өөр хүн авч ажиллуулахдаа ажил үүргийг нь таны хийж байснаас бага ч гэсэн өөрчилсөн байгаа бол ийм тохиолдол нь ажлын байрны илүүдлээр халагдсан хүн түүний эсрэг заргалдахдаа амжилт олох боломжийг багасгадаг.
Ямар хүнийг халахыг хуулиар хориглосон байдаг вэ
Хөдөлмөрийн чадвараа түр алдсан / эмчийн магадалгаатай /, жирэмсэн, төрөхийн өмнөх эсвэл төрсний дараах амралт, хүүхдээ асран өсгөх цалинтай чөлөөгөө эдлэж байгаа хүмүүсийг энэ үед нь ажлаас халахыг хуулиар хориглосон байдаг. Хуулийн энэ заалт түр цэрэгт явсан болон олон нийтийн сонгуульт алба хашиж байгаа ажилчдад эдгээр үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь, үйлдвэрчний байгууллагын сонгуультанд сонгуульт хугацаанд нь мөн үйлчилнэ. Хэрэв тухайн пүүс татан буугдаж байгаа юм уу эсвэл өөр газар руу шилжин нүүж байгаа бол үүнийг онцгой тохиолдол гэж үзэн ажил олгогчоос дээр дурьдагдсан ажилчидтай хөдөлмөрийн гэрээгээ цуцлахыг зөвшөөрч болно.
Ажлаас халах тухай мэдэгдэлд ямар зүйлсийг заавал тусгасан байх ёстой вэ
- ажлаас халах болсон шалтгааныг Хөдөлмөрийн хуулийн дагуу тодорхой заасан байх ёстой. Мэдэгдэлд үндэс болгосон шалтгаанаа хожим нь өөрчилж болохгүй бөгөөд хэрэв өөрчилсөн байвал тухайн мэдэгдэл хүчин төгөлдөр бус болно.
- хэрэв орон тооны илүүдлээс болж гэсэн шалтгааныг үндэслэн халсан бол энэ тохиолдолд тухайн ажилчин нөхөн олговор авах эрхтэй болохыг мэдэгдэлд бас дурьдсан байх
- ажлаас халах хугацаа хэзээ эхлэхийг тодорхой заах
- хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох өдрийг тодорхой заасан байх
- ажлаас халах мэдэгдлийг өгсөн он,сар, өдөр
- ажил олгогч ба ажилчныг төлөөлөгч этгээдийн гарын үсэг зэрэг зүйлс заавал байх ёстой.
Халагдсан хүн хаашаа, хэнд хандаж тусламж хүсч болох вэ
- хот, дүүргийн хөдөлмөрийн шалган байцаах газарт / inspektorát práce /
- үйлдвэрчний байгууллагуудад – зөвлөлгөө өгөх газар, хүмүүсийн нэрсийн жагсаалтыг www.e-sondy.cz сайтаас олж болно.
- өмгөөлөгчид – Чехийн өмгөөлөгчдийн танхимын www.cak.cz сайтаас сонгон авч болно.
„Dnes“ сонины 2009.02.09- ний дугаарт Дагмар Ланговагийн нийтлүүлсэн материалыг бүрэн эхээр нь монгол хэлэнд хөрвүүллээ.
Сэтгэгдэл бичих: