Засгийн газрын хуралдаанаар нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл дэмжлэг авав. БНЧУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа Монгол иргэд Монгол Улсын нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулдаггүйгээс тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч, ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсдэггүй, авсан ч маш бага хэмжээтэй байдаг байна. Харин дээрх хэлэлцээрийг байгуулснаар монголчуудын БНЧУ-д ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцуулж хоёр улсын аль нэгээс тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болох юм.
Мөн манай улсын иргэн БНЧУ-д байх хугацаандаа тус улсын иргэнтэй адил тэтгэмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх зүйн үндэс бүрдэж, монгол иргэдийн албан ёсны нэгдсэн бүртгэл бий болох гэнэ.
Энэ хэлэлцээрийг Европын Холбооны гишүүн орнуудын нийгмийн хамгааллын талаар бусад оронтой байгуулах гэрээ, хэлэлцээрийн нийтлэг зарчимд үндэслэсэн тул цаашид Европын Холбооны бусад улс, тухайлбал Унгар, Польш зэрэг оронтой иргэдийнхээ нийгмийн баталгааг хангахад Засгийн газар хоорондын ийм төрлийн хэлэлцээр байгуулах туршлага, загвар болно гэж Засгийн газар үзэж байна.
2008 оны судалгаагаар БНЧУ-д 12 000 орчим монгол хүн хуулийн хүрээнд хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлжээ.
мэдээллийн эх сурвалж
Өдрийн сонин
2010-05-21
ok